Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилдаа орно


Ардчилсан намын ээлжит 4:11 мэдээллийн цагаар АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнэ, АН-ын дарга М.Тулгат, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, АН-ын дэд дарга О.Чулуунбилэг тэргүүтэй удирдлагууд оролцож цаг үеийн асуудлуудаар мэдээлэл өглөө. Энэхүү мэдээллээс тоймлон хүргэе.


АН-ЫН ДАРГА М.ТУЛГАТ: НЭГ ХҮНИЙ ДАНГААР НОЁРХЛЫГ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГОД АН-ЫГ "БАГАЖ ЗЭВСЭГ" БОЛГОН АШИГЛАЖ БАЙНА



Шулуухан хэлье. Манай нам хоёр хуваагдсан нь үнэн. Гол нь манай намын хэсэг бүлэг хүмүүс энд нь илүү хүч байгаа юм байна. Ерөнхийлөгч байна. УИХ-ын гишүүд ч байгаа юм байна. Энэ тал нь надад ашигтай юм байна гээд тэнд нэгдэж, түүнийгээ АН-ын нэр барьж янз бүрийн үйл ажиллагаа явуулж байна. Тэр хүмүүсийг Ерөнхийлөгч Х.Баттулга юунд ашиглах гэж байсан гэхээр нэг хүний дангаар ноёрхох, хязгааргүй эрх мэдэлд хүрэх тийм Үндсэн хуулийн өөрчлөлт, түүнийг бий болгохын тулд АН-ыг ашиглах байсан. Бүгд мэдэж байгаа. Энэ бол хэсэг бүлэг хүмүүс албан тушаалын эрх мэдэлд хүрэх гэсэн оролдлого. Албан ёсны АН-ын эсрэг үргэлж худал мэдээлэл түгээж, сошиалд ажиллалаа. Ямар их мөнгөтэй юм бэ. Энэ хүмүүс цар тахал хүндэрч байхад ингэж өлссөн үү, монгол залуу өөрийгөө шатаахад ингэж өлссөн үү. Хууль, дүрмийн дээгүүр ингэж алхаж байгаа нь АН-ын итгэл үнэмшил юм уу. АН-ын нийт дэмжигчдэдээ хандаж хэлэхэд хууль ёсны АН-даа нэгдэж, хамтдаа үүний төлөө явья гэж уриалж байна.

"Нэг хүний дангаар ноёрхлыг бий болгох зорилгод АН-ыг "багаж зэвсэг" болгон ашиглах гэж хэсэг бүлэг нөхдүүд АН-ыг хагалсан" гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдээд, АН-ыг цаашид хэн нэгний "багаж зэвсэг" болгохгүйн төлөө тэмцэж, хамгаална гэдгээ илэрхийлэе!


АН-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.ӨНӨРБАЯР: СЕХ АН-ЫН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭЖ АВСНАА МЭДЭГДСЭН ТУЛ БИД СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛДАА ОРНО



СЕХ өчигдөр АН-ын материал хүлээж авсан талаар мэдэгдсэн. Иймд бид сонгуулийн бэлтгэл ажилдаа орно. АН-ын нийт дэмжигч гишүүддээ уриалж хэлэх гэсэн юм. Өнөөдөр Монголын ардчиллыг хамгаалах, ардчилсан тогтолцоог цааш нь хамгаалж үлдэх хариуцлагатай сонгуулийн өмнө бид ирсэн. Иймд Та бүгдийг энэ зарчим, үзэл санаагаа хамгаалахыг уриалж байна. Монголд ардчиллыг авчирахдаа хувь хүний эрх чөлөөг дээдэлсэн, хуулийн засагтай, парламентын ардчилалтай улс байх зорилт, тэмүүллээр эхлүүлсэн гэж харж байгаа.


Харамсалтай нь сүүлийн үед АН-ын дарга байсан хүмүүс, одоо намын дарга байгаа хүмүүс ардчиллын эсрэг, Үндсэн хуулийн эсрэг зүйл ярьж байна. Монгол Улс гэдэг бол алганд багтсан Үндсэн хууль гэж Чимэд багш маань хэлж байсан. Гэтэл сүүлийн үед дээрх хууль бус үйл ажиллагааг хийж байгаа хэсэг бүлэг хүмүүс Үндсэн хуулийг өөрчлөх өнгө аяс цухуйлгаж байна. Үндсэн хууль бол тусгаар тогтнолын баталгаа, монголын ардчиллын дархлаа суусан гэж үздэг. Гэтэл энэ зүйлийн эсрэг ярьж байгаад харамсаж байгаа юм. Өнөөдөр нэг том дарга гарч ирдээд “Надад таарсан том албан тушаал өгөх юм бол хийнэ, надад жижигдвэл би хийхгүй” гэж хэлтлээ энэ улс төр ялзарсан байна. Монголын төр бол наймаа арилжаа, дарга нарын хооронд тохиролцож байдаг хэрэгсэл биш.


АН-ЫН ДЭД ДАРГА О.ЧУЛУУНБИЛЭГ: НИЙГМИЙГ ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛД УРИАЛАХ, ХЭН НЭГНИЙГ АЛАХ, ШАТААХ ТУХАЙ ЯРЬЖ БУЙ ХҮМҮҮС ӨӨРСДӨӨ ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭНЭ



Норовын Алтанхуяг ард түмний нэр барьж хүн дүүжлэх тухай ярьж байна. УИХ-ын гишүүн хүн бусдын амь насанд заналхийлж болохгүй. Улс төрч хүн, УИХ нийгэмд өөрийн нөлөөллөө үзүүлж байдаг. Нийгмийг эмх замбараагүй байдалд уриалах, хэн нэгнийг алах, шатаах тухай ярьж буй хүмүүс өөрсдөө хариуцлага хүлээнэ шүү. Энэ бүхэнд АН ямарч хариуцлага үүрэхгүй.


АН-ААС ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧ С.ЭРДЭНЭ: БИ АН-ЫН ТӨЛӨӨ ХОЁРГҮЙ СЭТГЭЛЭЭР АЖИЛЛАЖ, ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ БАЙСАН ХҮНИЙ ХУВЬД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХ ШИЙДВЭРТ ХҮРСЭН



Өнгөрсөн намраас намын удирдлагын төвшинд маргаантай асуудал үүссэн. Энэ асуудлыг хууль дүрмийн хүрээнд шийдэх асуудал явсан. Асуудлыг үүсгэсэн нөхөдтэй ойлголцох гэж хичээсэн. Миний бие 2020 оны долдугаар сарын 8-нд дүрмийн дагуу сонгуулийн ялагдалд хариуцлагаа хүлээхээ мэдэгдэж АН-ын X Их хурлыг зарлаж, АН-ын даргын сунгааг зарласан. Дүрмийн дагуу олгогдсон эрхийн хүрээнд АН-ын дэд даргаар ажиллаж байсан Ц.Туваанд дараагийн дарга томилогдтол тамгаа түр шилжүүлсэн. АН-ын Үндсэн дүрэмд заасан дэд даргын гүйцэтгэх чиг үүрэг бий. Энэ үүргийг Ц.Туваан гүйцэтгэхээс эхлээд намын удирдлагын төвшинд үл ойлголцол үүссэн гэж харж байгаа.

Ц.Туваан тухайн үед АН-ын даргаас өгсөн чиг үүргийг биелүүлээд 2020 оны наймдугаар сарын 23-нд намын Их хурлаа хуралдуулж, намын даргын сунгааг зохих дүрмийн явуулж, сонгогдсон намын даргадаа хүндэтгэлтэйгээр тамга тэмдгийг гардуулсан бол ийм асуудал үүсэхгүй байсан. Харамсалтай нь арван хоёрдугаар сар гартал нөхцөл байдлыг харж, дуугүй суусан. Улмаар эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийгөө АН-ын даргын үүрэг гүйцэтгэж гэж өргөмжилж, удаа дараа дүрмийн бус хурлыг зохион байгуулсан. Сүүлдээ АН-ын X Их хурлыг дур мэдэн зарлаж, үндсэн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулахдаа ямар нэгэн өрсөлдөгчгүйгээр шууд сонгодог заалтыг оруулж ирснээс болж зөрчил маргаан үүссэн.

Ц.Туваанд удаа дараа шаардлага тавьсан ч хүлээж аваагүй учраас миний бие АН-ын даргын үүрэг ажилдаа эргэн орсон. Эргэн очсон шалтгаан нь нэгд, АН-ын даргын чиг үүргийг хэрэгжүүлээгүй, дэд даргын явуулж буй үйл ажиллагаа дүрмийн бус байсан учраас дүрмийн дагуу явуулах шаардлага үүссэн. Хоёрт, Улсын дээд шүүхийн 2017 оны 01 тогтоол, мөн улсын бүртгэлийн бүх бичиг баримт миний нэр дээр байсан. Эрх зүйн чадамж хэвээрээ байсан учраас үүрэгт ажилдаа эргэн орж, дүрмийн зөрчлийг арилгах үйл ажиллагаанд орсон. Үүнээс болж намын удирдлагын түвшинд маргаан үүссэн. Хуулийн дагуу бүх эрх зүйн бичиг баримт миний нэр дээр байгаа учраас бүрэн эрх надад хадгалагдаж байгааг хэлсэн. Гэтэл олууллаа л байвал хууль, дүрэмгүй авирлана гэсэн эндүү ташаа ойлголтын хүрээнд дүрмийн бус, хууль бус арга руу орсон.

Ардчилсан нам бол баруун төвийн үзэл санааг эрхэмлэдэг, чөлөөт зах зээл хувь хүний эрх чөлөө, хувийн өмчийг дээдэлсэн улс төрийн хүчин юм. Өнөөдөр хэт зүүний, аливаа зүйлийг хэт коммунист, социализм руу чирсэн үзэл санаа манай нийгэмд ноёлж, хэвийн болж ирлээ. Энэ бүхнийг ганцхан АН ардчиллаар дамжуулж хамгаалж чадна.

Тиймээс АН-ын залгамж чанарыг алдагдуулахгүйгээр Үндсэн дүрмийн дагуу АН-ын дараагийн удирдлагыг тодруулж, М.Тулгат нийт гишүүдийн сонголтоор шинэ даргаар сонгогдсон. Албан ёсоор тамга тэмдгийг хүлээлгэн өгнө. Харамсалтай нь Улсын дээд шүүх тодорхой шалтгаанаас болж бүртгэхгүй байгаа. Улсын дээд шүүх удахгүй энэ асуудлыг шийднэ гэдэг итгэж байна.

Миний хувьд АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодол байгаагүй. АН-ын удирдлагын багаас санал тавьж байсан ч би тодорхой шийдвэр гаргаагүй байсан. Харин АН-ын хувь заяа, 200 мянга гаруй гишүүний хувь заяа, Монголын ардчиллын суурь зарчим руу заналхийлсэн үйлдэл гаарсан учраас нэрээ дэвшүүлэх шийдвэрт хүрсэн. Хэн дуртай нь гаднаас өнөөдөр гүйж орж ирээд маргааш нь АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж байгаа нь үнэхээр ёс зүй, дүрэм журам, улс төрчийн этик, ёс суртахуун байхгүй болсныг харлаа. АН-ын гишүүдийн хувь заяагаар, АН хэрэггүй гэж гарчихаад Ерөнхийлөгчид нэр дэвших гээд буцаад орж ирж байгаа нөхдүүд үнэхээр увайгүй, хариуцлагагүй байна. Гаднаас орж ирсэн хоёр нөхөр АН-ын нэрийг барьж, дураараа аашилж байна. Тиймээс би АН-ын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж, үүрэг хариуцлага хүлээж байсан хүний хувьд би нэрээ дэвшүүлэх шийдвэрт хүрсэн. Энэ нөхдүүд АН-ын үзэл санаа, үнэт зүйл дээр санал нэгдсэн бол өөр. Харин өөр зүйл дээр АН-ыг ашиглаж байгаатай хатуу тэмцэнэ. Би ардчиллын төлөө цаашдаа явна.