АН-ЫН ДАРГА С.ЭРДЭНЭ:

-Сунгаа амжилттай болж, улс төрийн намуудын түүхэнд анхны цахим сонгуулийг явууллаа. Бид өмнө нь Үндэсний бодлогын хорооны нөхөн сонгуулийг амжилттай явуулж байсан туршлагатай. Цаашид үүсээд буй нөхцөл байдлаас үүдэж цахим хэлбэрт шилжих зайлшгүй шаардлага байгаа юм байна. Энэ удаагийн цахим сонгуульд мэтгэлцээн, мөрийн хөтөлбөрийн танилцуулга чөлөөтэй явагдсан. Нийт санал өгсөн гишүүдийн 21 хувийн дэмжлэг авсан М.Тулгат ялалт байгуулсан. Одоо намын Их хурлыг зохион байгуулж, намын даргаа батламжлах ёстой. Бид удирдлагын түвшинд хэлэлцээд, намд үүсээд байгаа асуудалд эерэг зөөлөн байдлаар хандахыг хичээж байна. Тэр утгаараа гуравдугаар сарын 28-нд болсон намын даргын сонгуулийг нэгтгэж явуулах санал тавьсан. Дүрмийн бус сонгууль явуулж буй нөхдүүд бидний олгосон боломжийг ашигласангүй.

Ц.ТУВААН НАР 1,4 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР СОНГУУЛЬДСАН БОЛ БИД 140 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛСАН

Цахим сонгуульд 140 орчим сая төгрөгийн зардал гарсан. Нөгөө талаас зохион байгуулсан цаасан сонгууль 1,4 тэрбум төгрөгийн өртөгтэй явагдсан гэх мэдээлэл байна. Хувь нэр дэвшигчид маш их хэмжээний мөнгө тараасан. Нэгхэн үүрийн даргад 1-2 сая төгрөг. Багийн дарга нарт 200-500 мянган төгрөг тараах жишээтэй. Саналыг мөнгөөр худалдаж авах гэх мэт дүрмийн бус үйл явдал болсон. Энэ бүхнийг баримтжуулж авсан.

АН бол нэгдмэл нам. Дүрмийн бус сонгууль явуулж, дүрмийн бус үйлдэл хийсэн нөхдүүдэд хариуцлага тооцох шаардлагатай гэж харж байгаа. Цаасан сонгуулийн үр дүнд 70 орчим мянган хүн санал өгсөн гэдэг мэдээлэл бий. Хэдийгээр энэ сонгууль дүрмийн бус ч гэлээ намын нэр барьж явагдсан сонгууль учраас бид судалгаа хийж, хяналт тавьсан. Ингэхэд маш олон зөрчил илэрсэн тул Үндсэн дүрмийн хороонд хандахаар болсон.

Гуравдугаар сарын 28-нд нийт 12 аймагт хөл хорио тогтоосон байсан. Гэтэл долоо хоногийн өмнө сонгуулийг товлон зарлах дүрмийн заалтыг зөрчиж, гуравдугаар сарын 27-ны өглөө хөл хориотой 12 аймгаас санал авлаа. Ингэхдээ Хэнтий аймагт цасан шуургатай байхад 6000 гишүүн санал өгсөн гэдэг тоо гаргаж зарласан. Тэдний яриад байгаа 6000 гишүүний саналыг яаж ч тооцоолсон боломжгүй. Энэ нь цаасан сонгууль луйвар байдаг юм байна гэдгийг харуулж байгаа юм.

МОНГОЛ УЛСАД ХОЁР АН ГЭЖ БАЙХГҮЙ

Хууль ёсны бүртгэлтэй, хууль ёсны сонгууль явуулсан намын даргаар М.Тулгат сонгогдлоо. Монгол Улсад хоёр АН гэж байхгүй. Улсын бүртгэлд бүртгэлтэй, Улсын дээд шүүхийн тогтоолтой цорын ганц АН энд байна. 2016 оны намын даргын сунгаагаар би хамгийн олон оноо авч, намын Их хурлаар батламжлагдсан. Ингээд Улсын дээд шүүхийн тогтоолоор Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр бүртгэгдсэн. Энэ шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр бий.

Хоёрдугаарт, Улсын дээд шүүх хоёр удаа хуралдахдаа АН-ын дарга, улсын бүртгэл, эрх зүйтэй холбоотой асуудлаар нэг ч шийдвэр, тогтоол гаргаагүй. Шүүх хуралдаанаар АН-ын 10 дугаар Их хурал хүчин төгөлдөр мөн эсэхийг авч хэлэлцээд, хүчингүйд тооцсон. Хоёрдугаарт, намын үндсэн дүрэмд оруулахаар завдсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэх эсэхийг хэлэлцээд, бүртгэхээс татгалзсан. Ц.Туваанд АН-ыг төлөөлөх ямар ч эрх зүйн чадамж байхгүй. Улсын бүртгэлийн хүчин төгөлдөр гэрчилгээ, Улсын дээд шүүхийн тогтоол надад байна.

АН дотор ямар нэгэн хуваагдал байхгүй. Хууль ёсны АН өнөөдөр үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд бид ямар ч хууль эрх зүйн зөрчилгүй оролцоно. Ерөнхийлөгчид нэр дэвших үйл явц дөрөвдүгээр сарын 30, тавдугаар сарын 1, 2-нд явагдах хуулийн заалттай. Ингээд нэр дэвшигчийг АН-ын Их хурлыг хуралдуулж байж зарлана. АН-ын Их хурлыг тавдугаар сарын 2-нд явуулахаар зарласан. Бид шаардлагатай гэж үзвэл энэ хугацаагаа өрчилнө.

ДУРААРАА АВИРЛААД БАЙГАА ЭТГЭЭДИЙН ТОЛГОЙГ ИЛЭЭД СУУХ ШААРДЛАГАГҮЙ

УИХ дахь Ц.Туваан, Д.Ганбат мэтийн нөхдүүд дураараа авирлах эрхгүй. АН-ын зарчмын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа бол энэ намаас гараад явах эрхтэй. АН-ын нэр дээр сонгогдож гарчихаад намынхаа эсрэг явахгүй байхыг хатуу анхааруулж байна. Дураараа авирлаад байгаа этгээдийн толгойг илээд суух шаардлагагүй. Хариуцлага тооцоод явна. Хариуцлага гэдэг нь намын гишүүнчлэлээс тодорхой хугацаагаар хасах, цаашлаад хуулийн байгууллагад гомдол гаргах боломжийг бид хэлж байна. #АРДЧИЛСАН_НАМ #ЦАХИМ_НАМ