АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг: АН-ын даргын сонгуулийн санал хураалтыг цахимаар

АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус цахим хурлаар АН-ын Дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг шинэчилж, Х.Алтанхуягийг даргаар нь томилсон юм. Энэ талаар Дотоод сонгуулийн хорооны шинэ дарга Х.Алтанхуягтай ярилцлаа.

-АН-ын Дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд ямар өөрчлөлт орсон бэ. Яагаад шинэчлэх болов?

-Манай намын дүрмийн 5.22.5.7 дугаар заалтад “Дотоод сонгуулийн хорооны дарга, дэд дарга, нарийн бичгийн даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна” гэж заасан байдаг. 2017 оны хоёрдугаар сард бий болсон Дотоод сонгуулийн хорооны бүрэн эрхийн хугацаа дууссан байсан. Тиймээс Улс төрийн намын тухай хуулийн 13.4-т “Намын Их Хурлаар батлагдсан намын дүрэм, мөрийн хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах, сонгогдсон бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг намын төлөөллийн төв байгууллага шийдвэрлэж болно” гэж заасныг үндэслэн манай намын төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хороо өнгөрсөн долоо хоногт асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, бүрэлдэхүүнийг нь шинэчилж, Дотоод сонгуулийн хорооны таван гишүүнийг өөрчилсөн. Шинэчлэгдсэн бүрэлдэхүүнд Дотоод сонгуулийн хорооны хуучин дарга И.Мөнхжаргал, нарийн бичгийн дарга Х.Оюунчулуун нар хэвээрээ үлдсэн. Ингээд шинэчлэгдсэн бүрэлдэхүүнээрээ Дотоод сонгуулийн хороо хуралдаж миний бие даргаар нь сонгогдож, дэд даргаар Л.Нармандах, нарийн бичгийн даргаар Билэгсайхан нарыг томилсон юм.

-Дотоод сонгуулийн хороо шинэ бүрэлдэхүүнээрээ хуралдаж ямар шийдвэр гаргасан бэ?

-Дотоод сонгуулийн хорооны дөрөвдүгээр тогтоолыг хүчингүй болгосон.

-Дөрөвдүгээр тогтоол нь ямар учиртай байсан бэ?

-Дотоод сонгуулийн хороо хоёрдугаар сарын 24-нд хуралдаж Үндэсний бодлогын хороо болон намын дунд шатны дарга нарын дотоод сонгуулийг зохион байгуулна гэж шийдсэн. Мөн намын даргын сунгааг дөрөвдүгээр сарын 25-нд хийхээр тов тогтоож, 03 дугаар тогтоол гаргасан юм. Гэтэл И.Мөнхжаргал дарга Дотоод сонгуулийн хороог дахин хуралдуулж 03 дугаар тогтоолыг хүчингүй болгож, намын даргын сунгааг гуравдугаар сарын 28 болгож наашлуулаад 04 гэх тогтоолыг гаргасан юм. Тиймээс шинэчлэгдсэн бүрэлдэхүүнтэй дотоод сонгуулийн хороо хуралдаж, 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, анхны 03 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр гэж сэргээсэн. Иймээс АН-ын даргын сунгаа дөрөвдүгээр сарын 25-ндаа болно.

-Сүүлийн өдрүүдэд АН хоёр дотоод сонгуулийн хороотой болчихсон мэт ойлголт яваад байна. И.Мөнхжаргалын хэрэглэж байгаа Дотоод сонгуулийн хорооны тамга тэмдэг хүчин төгөлдөр мөн үү?

- 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр “Өдрийн сонин”-д АН-ын дотоод сонгуулийн хорооны тэмдгийг үрэгдүүлсэн тул хүчингүйд тооцсугай” гэдэг зар нийтлэгдсэн байгаа шүү дээ. Тиймээс И.Мөнхжаргал Хэрэг эрхлэх газрын дарга Цэрэнбатад хүсэлт гаргаж, шинэ тэмдэг хийлгэсэн байдаг. Дотоод сонгуулийн хорооны энэ шинэ тэмдэг нь намын дүрмийн дагуу намын байранд хадгалагдаж үлддэг журамтай. Энэ тамгыг Мөнхжаргалаас хүчээр булааж авсан асуудал огт байхгүй.

-Тэгэхээр И.Мөнхжаргалын хэрэглээд байгаа тамга тэмдэг нь хүчингүй гэсэн үг үү?

-Сонинд хүчингүй гэж зарлуулсан хуучин тамга тэмдэг гэсэн үг.

-Намын даргын сунгаанд оролцохоор маш олон хүн бүртгүүлчихлээ. Энэ хүмүүс тэгэхээр хуурамч тэмдэгтэй, дүрмийн бус хороонд бүртгүүлсэн гэсэн үг үү?

-Намын даргад өрсөлдөхөөр бүртгүүлсэн журмын нөхдөд буруу байхгүй л дээ. Дүрмийн бус үйл ажиллагаа зохион байгуулж хүмүүсийг төөрөлдүүлж байгаад туйлаас харамсч байна.

-Намын даргад өрсөлдөх нэр дэвшигчид дэнчингийн мөнгө байршуулах ёстой байгаа. Дэнчингийн мөнгө байршуулах эцсийн хугацаа өнөөдөр гэж И.Мөнхжаргал зарлаад байсан...

-Намын даргын сунгааны гарах зардлыг нэр дэвшигчдэд тэнцүү хувааж, дэнчингийн мөнгө болгон Дотоод сонгуулийн хорооны албан ёсны дансанд байршуулах юм. Гэвч өнөөдрийг хүртэл И.Мөнхжаргал энэ дансыг зарлаагүй байгаа шүү дээ.

-Намын даргын сонгуулийн санал хураалтыг цахимаар явуулна гэсэн байх аа?

-Тийм. АН-ын даргын жинхэнэ сонгууль ирэх дөрөвдүгээр сарын 25-нд болно. Тиймээс бүртгэлийн үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд эхэлнэ. Энэ сонгуулийн санал хураалтыг бид цахимаар явуулна. Ковидын тархалт их байгаа энэ цаг үед бид аюулгүй талаасаа бодолцож, орчин үеийн ухаалаг технологиор, цэвэр шударга зарчмаар намын даргын сонгуулиа хийхээр бэлтгэл ажлаа базааж байна.