АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг: Цахим сонгуулийн эхний туршилтыг Баянгол дүүрэгт

Монголд анх удаа Ардчилсан нам цахимаар сонгууль явуулах гэж байна. Ардчилсан нам Үндэсний бодлогын хорооны гишүүдийн нөхөн сонгууль, намын дунд шатны дарга нар болон АН-ын даргын сонгуулийг цахимаар явуулах бэлтгэл ажлыг хангаж, эхний туршилтыг гуравдугаар сарын 11-ний пүрэв гаригт Дотоод сонгуулийн хорооноос Баянгол дүүрэгт амжилттай зохион байгууллаа. Эхний туршилтад Баянгол дүүргийн АН-ын 854 гишүүн оролцлоо. Цахим сонгууль нь орчин үеийн технологид суурилсан системээр явуулж байгаа бөгөөд намын гишүүд автомат хариулагчтай утсаар холбогдох Ухаалаг утасны aпп ашиглах мөн "веб-апп"-руу бүртгэлээрээ нэвтрэн орж санал өгөх боломжтой юм.

АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг “Цахим сонгуулийн эхний туршилтаар техникийн бага зэрэг алдаа дутагдлууд гарсныг эс тооцвол маш амжилттай боллоо. Үндэсний бодлогын хорооны орон гарсан гишүүдийн нөхөн сонгууль, намын дунд шатны дарга нарын сонгууль энэ сарын 17-нд болно. Тиймээс 16-ныг хүртэл туршилтын сонгуулийг өдөр бүр хийхээр төлөвлөж байна. Туршилт бүрийн дараа цахим сонгуулийг засч сайжруулна” хэмээн ярилаа.

#АРДЧИЛСАН_НАМ