🇲🇳Ардчилсан намын дарга М.ТУЛГАТ: Ардчилсан намын ээлжит бус XI цахим их хурлаар хэлсэн үг...

Их хурлын эрхэм төлөөлөгчид, Ардчилсан намын гишүүд, дэмжигчид, ардчиллыг талархан дэмжигч нийт монгол түмэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье! Ардчилсан намын анхдугаар их хурал хуралдаж, Монгол оронд олон намын тогтолцоо бий болох үндэс тавигдсан 31 жилийн ойн түүхэн өдрөөр, та бүхний гэрчлэн баталгаажуулах итгэл найдварын өмнө, Ардчилсан намын дарга хэмээх өндөр хариуцлагатай алба үүргийг залгуулан авч байгаагаа өөрийн цаашдын бүхий л амьдралыг ардчиллын үйл хэрэгт бүрэн зориулах хатуу даалгавар гэж хүлээн авч байна. Ардчилсан намыг үүсгэн байгуулалцаж, Монгол оронд ардчиллын их үйлсийг эхлүүлсэн олон зуун мянган ардчилагчдын сэтгэл, зүтгэлийг бид мартах ёсгүй. Өнөөдөр тэдний зарим нь тэнгэрийн орноос, зарим нь гэрийнхээ хоймроос биднийг ажиглан харж суугаа. Миний аав болон авга ах “Хонхны” Цогтсайхан, тэдний найз нөхдийн бидэнд авчирсан ардчиллыг хамгаалах, тордож засах, өөдөө авч явах үүрэг өнөөдөр надад оногдлоо. Монголын ардчилал түүхэн сорилынхоо нэгэн үед явж байна. Ардчилсан намыг нэг хүний хязгааргүй эрх мэдэлд хүргэх багаж зэвсэг болгох гэсэн оролдлого дотроос явагдаж байхад, “Арван их наяадаар” социализм руу ухарч, нэг намын хэмжээлшгүй ноёрхол тогтох аюул гадна талд заналхийлж байна. Үүсээд байгаа намын дотоод асуудал бол тамга тэмдэг, даргын суудал булаацалдсан асуудал бишээ. Үзэл санааны тэмцэл юм гэдгийг энд зориуд дурдъя. Ардчилсан нам амлалтын уралдаанд явдаг, хэн нэг толгойлогчийг аялдан дагадаг болох юмуу, анхныхаа буурин дээр очиж, үзэл баримтлал дээрээ нэгдэх юмуу? Ардчилсан нэртэй мөнгөөр санал худалддаг ашигч этгээдүүдийн бөөгнөрөл болох юмуу, үнэт зүйл, зарчмаа барьдаг хариуцлагатай иргэдийн нэгдэл байх юмуу? Хонгилын эзний хувийн өмчийн компани болох юмуу, хуулийн засаглал, дүрэм журмын бат бэх цайз байх юмуу? Би үүнд маш тодорхой хариулъя. Ардчилсан нам хувь хүний эрх чөлөө, хуулийн засаглал, чөлөөт зах зээл, иргэний нийгмийн зарчимд суурилсан, чадварлаг цомхон төр рүү тэмүүлсэн баруун төвийн нам байх үзэл баримтлалын жанжин шугам дээрээ бат зогсох бөгөөд, манай үйл ажиллагаа, үг өгүүлбэр бүрд энэ бүхэн шингээстэй байх болно. Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөний баталгаа бол эрх чөлөөт бие даасан иргэд, эдийн засгийн либералчлал, идэвхтэй гадаад хамтын ажиллагаа, парламентийн ардчилал гэх хатуу итгэл үнэмшил бидний холбодог. Мөн би энд хоёр зүйлийг онцлон дурдахыг хүсч байна. АРДЧИЛСАН НАМ БОЛ ҮНДЭСНИЙ ХҮСЭЛ ЗОРИГООС ТӨРСӨН, Монголын өнгөтэй нам. Нийгэм соёлын хувьд консерватив нам юм. Манай намтай хамт 90-ээд онд монгол түмний уламжлал соёл, их түүхээрээ бахархах бахархал, үндэсний сэргэн мандалт давлагаалж ирснийг бид байнга дурсах ёстой. Ардчилсан нам бол эрх чөлөөний нам. Эдийн засгийн болоод хувь хүний сонголтын хувьд либерал нам юм. Манай намын хүчин зүтгэлээр чөлөөт нийгэмд шилжих суурь реформууд, урт хугацаанд хэрэгжих хөгжлийн шийдлүүд тавигдсанаас гадна, хүний эрхийг баталгаажуулах чиглэлд ахиц гарч ирснийг түүх гэрчилнэ. Эрхэм журмын нөхдөө, Ардчилсан намын гишүүд дэмжигчид ээ... Ардчиллын 30 жилийн түүх ард үлдэж буй яг энэ цаг мөчид манай намд үе солигдож байна. Туйлын хүнд нөхцөлд, эгзэгтэй мөчид Ардчилсан намын уг чанар, гал голомтыг эрэлхэгээр авч үлдсэн өмнөх удирдлага, баг хамт олонд чин сэтгэлээс талархал илэрхийлье! ШИНЭ ГАРЧ БУЙ НАМЫН УДИРДЛАГА ҮНЭТ ЗҮЙЛЭЭ ХАМГААЛЖ, ЗАЛГАМЖ ЧАНАРАА ХАДГАЛАХЫН ЗЭРЭГЦЭЭ, АРГА АЖИЛЛАГААНЫ ХУВЬД БАГААРАА ЭРС ЗОРИМОГ ШИНЭЧЛЭЛҮҮДИЙГ ХИЙХ БОЛНО. -Бид эвдэрч хагарч явсан намын гишүүдээ эргэн нэгтгэж, эв эеийг хангахын тулд бүхий л хүчин чармайлтыг гаргана. -Бид дотоод ардчиллаа бэхжүүлэх талаар шийдэмгий алхмуудыг хийж, үнэт зүйл нэгтэй хүмүүст үүд хаалгаа цэлийтэл нээнэ. -Бид үйл ажиллагаагаа бүрэн цахимжуулна. Ингэснээр хүний гар орсон санаатай болон санамсаргүй алдааг арилгаж, зардал багатай, орчин үеийн нам болгоно. -Бид намын дэргэд улс төрийн боловсролын академи байгуулж, булчин төвтэй улс төрийг сөргүүлж, боловсрол төвтэй улс төрийг тунхаглана. -Бид ахмадуудтайгаа ойр нягт байна. МоАХ-ын болон АСХ, ШДХ, МОХ-ны анхдагчид, ахмад үеэ оролцуулсан зөвлөл байгуулж, хамтран ажиллана. -Бид дотоод өрсөлдөөнөө дүрэмтэй, соёлтой, ойлгомжтой болгохын сацуу, улс төрийн зардлыг эрс бууруулснаар эмэгтэй лидерүүддээ өргөн боломж нээнэ. -Бид аймаг, орон нутагт фокусласан кампанит ажлуудыг явуулахын зэрэгцээ гишүүдийн шууд оролцоог хангах мэдээллийн сувгийг нээж орон нутгаа бэхжүүлнэ. Бидний хувьд эхний том сорилт бол хэзээ мөдгүй эхлэх Ерөнхийлөгчийн сонгууль. Нэг нам парламентын үнэмлэхүй олонхийг бүрдүүлж, хууль шүүхийн байгууллагуудад нөлөөллөө тогтоож эхэлж байгаа энэ цаг үед Ардчилсан Ерөнхийлөгч л ардчиллын баталгаа болох нь эргэлзээгүй. Дараагийн бидний зорилт бол төрийг данхайлгаж, төсвийн мөнгөөр тоглож, хүний эрхийг уландаа гишгэж, бизнес эрхлэгчдээ дарамталсаар байгаа одоогийн эрх баригчдын дураар аашлалтыг хязгаарлах, улмаар сонгуулийн дараалсан ялалтаар цэг тавих явдал. ЭРХ БАРИГЧДЫН СҮРЖИН БӨГӨӨД ХАРАЛГАН БОДЛОГО МОНГОЛ ОРНЫГ ТУЙЛДУУЛЖ ГҮЙЦСЭНИЙГ ТА БИД ХАРЖ БАЙНА. Улсын нэгдсэн төсвийн тэнцэл сүүлийн тавхан жилийн нийлбэрээр хасах 12.5 их наяд төгрөгт хүрлээ. Нийгмийн халамж, үйлчилгээний зардал 800 тэрбум төгрөгөөс 2.4 их наяд төгрөг болж 3 дахин, цемент зуурч, хөшөө барьсан хөрөнгө оруулалтын зардал 400 тэрбум төгрөгөөс 2.6 их наяд төгрөг болж 7 дахин өссөн байна.

ГАДААД ӨР 32 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР БОЛЖ СҮҮЛИЙН 5 ЖИЛИЙН ХУГАЦААНД 2 ДАХИН ӨСЖЭЭ! Нэг хүнд ногдох бодит орлого сүүлийн хоёр сонгууль дамнан 400 ам.долларт эргэлдлээ. 2014 онд 21% болж буурсан ядуурлын түвшин 2020 онд 30% болж, түүний цаана хүн амын 20% нь ядууралд өртөхөд ойр бүлэгт орлоо. Хүн амын тэн хагас нь эмзэг давхарга руу орж байхад эрх баригчид дараагийнхаа амлалтыг ярьж, Боролдойн цагаа үргэлжлүүлж байна! Ажилгүйдэл, ядуурлын шалтгаан нь Засгийн газрын буруу биш, цар тахлын буруу гэж тэд бултаж байна. Цөөн орны төрийн өмчит компаниуд манай томоохон төслийг санхүүжүүлэн, хэрэгжүүлдэг болж, хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийн гадаад хамтын ажиллагаа зогсонги байдалд ороод байна. Гадаад харилцаа, гуравдагч хөршийн бодлогын чиглэлд ахиц гарсангүй. Эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын тэгш байдал, чанар, хүртээмж орхигдож, нийгмийн болон бусад салбарыг оролцуулаад Монгол орон бүхэлдээ зогсонги байдалд ороод байна. Ийм нөхцөлд Ардчилсан нам ялалтаас хойш суух эрхгүй. Ард түмний хайрладаг, итгэлээ өгдөг тийм нам болоод, эргэн ирэх ёстой.

Ардчилсан намын ялалт бол эгэл жирийн монгол хүний ялалт байх болно.

Ардчилсан намын ялалт бол эдийн засгийн эрх чөлөөний ялалт байх болно.

Ардчилсан намын ялалт бол хуулийн засаглал, шударга үнэний ялалт байх болно.

АРДЧИЛСАН НАМЫН ЯЛАЛТ БОЛ АЗИЙН МОНГОЛ ОРОН ДЭЛХИЙД ГАРАХ ИХ ЯЛАЛТ БАЙХ БОЛНО. Надад, бидэнд итгээрэй. Та бүхний итгэлийг зүтгэлээр хариулах болно. Монголын ардчилал мөнх орших болтугай! #ЦахимНам