ҮЗЭЛ САНААНЫ ХОРИГДОЛД ТООЦОХ, ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ БУРУУШААХ ТОГТООЛ ГАРЛАА

Ардчилсан намын XI ээлжит бус цахим хурал өчигдөр буюу 3 дугаар сарын 07-нд болж 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргээс 1000 гаруй төлөөлөгчид оролцож, АН-ын даргаар Майнбаярыг Тулгатыг батламжиллаа. Хурлаас хоёр тогтоол гарсан бөгөөд үзэл санааны хоригдлоор тооцох, Ерөнхийлөгчийг буруушаах тухай тогтоолыг хурлын төлөөлөгч, гишүүд дэмжсэн байна.

Энэхүү тогтоол нь Ардчилсан намын үндсэн дүрмийн 5 дугаар бүлгийн 5.12.4.11 дэх заалтыг үндэслэсэн бөгөөд монгол улсын тусгаар тогтнолыг эдийн засаг, улс төрийн хувьд баталгаажуулах гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татах үйлсэд өндөр хувь нэмэр оруулсан Ардчилсан намын дарга асан М.Энхсайхан, Да.Ганболд, Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Эрдэнэбат, Б.Болор, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан нарыг хилс хэрэгт хэлмэгдүүлэн үзэл санааны хоригдол болгосон явдлыг Их хурлын төлөөлөгчид гадны гар хөл оролцсон хэлмэгдүүлэлт гэж үзсэн байна.

Эдгээр нэр бүхий гишүүдийг олон улсын хүний эрхийн байгууллагын үзэл санааны хоригдолын жагсаалтад оруулах цаашид улс төрийн хэлмэгдүүлэлтийг давтуулахгүйн үүднээс эрх мэдэлтний захиалгаар хэлмэгдүүлсэн АТГ-ын мөрдөгчид, нэр бүхий прокурорууд, нөлөөнд авсан шүүгчид болон тэдний гэр бүлийг АНУ болон Европын холбооны улсуудад нэвтрүүлэхгүй байх хувийн хориг тавиулах арга хэмжээг ажил хэрэг болохыг Ардчилсан намын удирдлагад даалгасан байна.

Мөн дараагийн тогтоолд Монгол улсын үндсэн хууль, бусад хуулийн дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга нь АН-ын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцон, хагалган бутаргаж Ерөнхийлөгчийн сонгууль тулаад байгаа үед МАН-нд үйлчилж байгааг их хурлын төлөөлөгчид буруушааж байна. Энэхүү бусармаг үйлдэл нь 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар АН-ын ялагдуулсан гашуун үр дүнг давтах вий гэж их хурлын гишүүд санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.

Энэхүү хоёр тогтоолыг АН-ын дарга М.Тулгат, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нар 4:11 уулзалтаар дамжуулж олон нийтэд мэдээлсэн юм.