Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны орон гарсан гишүүний нөхөн сонгууль, намын дунд шатны дарга нарын цахим сонгууль 2021 оны гуравдугаар сарын 17-нд болох юм. Мөн Ардчилсан намын даргын цахим сонгууль дөрөвдүгээр сарын 25-нд болох бөгөөд бүртгэл нь энэ сарын 19-20-нд болно. Тиймээс цахим сонгууль явуулахтай холбоотойгоор АН-аас 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн ардчилсан намын гишүүдэд цахимаар хэрхэн санал өгөх тухай сургалтыг Ардчилсан намаас онлайнаар зохион байгуулж байна. 2021 оны гуравдугаар сарын 11-нд АН-ын дэд дарга Ц.Оюундариар ахлуулсан удирдлагын баг Чингэлтэй дүүргийн АН-ын гишүүдэд энэхүү сургалтыг орсон бол АН-ын нарийн бичгийн дарга Б.Гарамгайбаатараар ахлуулсан баг Дархан-Уул аймаг, Хан-Уул дүүргийн АН-ын гишүүдэд, нийслэлийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Уртнасангаар ахлуулсан баг Архангай аймгийн АН-ын гишүүдэд цахим сонгууль хэрхэн өгөх тухай сургалтыг орлоо.






