С.Эрдэнэ: АН-ын үнэт зүйл рүү нулимж эхэлсэн учраас ардчиллаа хамгаалахын төлөө буцаж ирсэн

Өнөөдөр хуралдсан Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдааны үеэр АН-ын дарга С.Эрдэнэ “Намд үүсээд байгаа дотоод зөрчил маргааныг аль болох гадагш нь цацаж ярилгүй, учир зүйгээ олчих юм болов уу гэдэг байдлаар асуудалд хүлээцтэй хандаж байгаа. Харамсалтай нь хэсэг бүлэг нөхөд гүтгэлгийн чанартай зүйлүүдийг ихээр явуулж байна. Өнөөдөр АН хүчтэй сөрөг хүчний байр сууриа хангалттай эзэлж чадахгүй байгаа энэ цаг үед УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд дүрмийн бус, хууль бус үйл ажиллагаанд оролцоод явж байгаа нь харамсалтай байна. Ер нь миний хувьд 2020 оны сонгуулийн дараа намын дэд дарга Ц.Туваанд ганцхан зүйлийг захиж намын тамгыг өгсөн. Намын аравдугаар Их хурлыг зарлаж, дараагийн шинэ даргын сунгааг зарлаарай гэж захиад тамгаа гардуулсан. Гэтэл Ц.Туваан намын даргын сунгаа зарлах нь битгий хэл дүрмийн бус үйл ажиллагаа явуулж, аравдугаар Их хурлаар Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг дур мэдэн хийсэн. Намын удирдлагыг цөөн хэдэн хүний эрх мэдэлд төвлөрүүлэх ажиллагаа явуулж, АН-ын үнэт зүйл рүү нулимж эхэлсэн. Тийм учраас аргагүйн эрхэнд ардчиллаа хамгаалахын төлөө буцаж ирсэн. Би ардчиллын төлөө, АН-ын төлөө 32 жил зүтгэж яваа хүн. Ардчиллын үнэт зүйлийг хэдхэн хүний тоглоом болгохын төлөө 32 жил яваагүй юм шүү. Бид олон зуун журмын нөхдийнхөө хамт Монгол Улсад ардчилал эрх чөлөө авчрахын төлөө тэмцсэн. Энэ үйл хэргээ цөөн хэдэн хүнээр тоглуулмааргүй байна. Тиймээс бид гүжир гүтгэлгийн мэдээ түгээж, намыг хоёр хуваагдсан мэтээр харуулаад байгаа нөхдүүдтэй зөвшилцөж, нэг шугамд гарахад бэлэн байгаагаа хэлье ” гэсэн юм.


ЭНЭХҮҮ ВЭБ САЙТ НЬ АРДЧИЛСАН НАМЫН  АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАC МӨН БӨГӨӨД НИЙТЛЭЛҮҮД НЬ АРДЧИЛСАН НАМЫН АЛБАН ЁСНЫ БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛНЭ

© 2021 Ардчилсан нам