Сөрөг хүчнийг үгүй хийх эрх баригч намын бодлогыг УДШ хэрэгжүүлж байна АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд "Төр, засгаас явагдаж байгаа үйл ажиллагаанд "double standard" байгааг бид өөрсдийн нүдээр харж байна. Түүнчлэн бодлого хэрэгжүүлдэг, хяналт тавьдаг байгууллагуудад хүртэл энэ стандарт хэрэгжиж эхэлжээ. Үүний нэг жишээ бол Улсын Дээд Шүүх юм. Хуулийн дээд байгууллага учраас хуулийг сахин хамгаалах, иргэдэд тэгш эрхтэй хандах ёстой.
Өнөөдөр Монгол Улсад хууль нь гууль болсныг УДШ нийтэд ил тод болсон үйлдлээрээ батлаад байна. АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг хашиж байгаа миний бие Үндэсний бодлогын хорооныхоо итгэмжлэлтэйгээр төлөөлөх эрхээ аваад хүсэлт гаргахаар төлөөлөх эрхтэй этгээд биш байна гэдэг. Гэтэл ямар ч гэрчилгээгүй хүмүүсийг бүртгэдэг асуудал бий. Бүртгэснийхээ дараа гэрчилгээн дээр нь бичилт хийлээ гээд баяр тэмдэглээд явж байгаа.
Сөрөг хүчин АН-ыг үгүй хийх бодлого барьж байгаа. Сонгуулийн тухай хуулиар тогтолцооныхоо өөрчлөлтийг хийгээд АН-ыг сонгуульд оруулахгүй байх үйлдлийг УДШ-ээр хийлгэж байна. Нөгөөтээгүүр үнэнийг хэлсэн хүмүүсийг УДШ нухчин дарахыг оролддог асуудал бий. УДШ нь "double standard"-аар ажиллаад байвал иргэд хэндээ итгэх юм бэ.
Иргэдийг саатуулж, айлгаж, дарамталж мэдүүлэг авдаг болсон. Цахим гав зүүдэг болжээ. Сүүлдээ шоронд хийдэг. Болохгүй байгаа зүйлийг нь хэлснийхээ төлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд хүртэл халдаж байгаа. Сөрөг хүчнээ нухан дарах гэсэн МАН-ын бодлогыг УДШ хэрэгжүүлээд сууж байгаа. Монголын ард түмэн сөрөг хүчнийг үнэхээр үгүйлж байна.
Түүнчлэн төр, засаг хуулиа өөрчлөхийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ хуулийн хэрэгжилт нь иргэдийн эрхийг хангахад хэрхэн яаж нөлөөлөх вэ гэдэгт илүү анхаараасай" гэлээ.
АН-ын нарийн бичгийн дарга Х.Даваадорж "Улс төрийн намын бүртгэл хөтлөх үйл ажиллагаанд Улсын Дээд Шүүх хууль, тогтоомжуудыг илтэд зөрчсөн гэх үндэслэлээр холбогдох эрх бүхий байгууллагуудад нэхэмжлэл, гомдол гаргах зэрэг хуульд заасан эрхийн хүрээнд эрх зүйн маргааныг үргэлжлүүлэн явуулж байгаа. Шүүхийн хийсэн үйлдэл хууль бус болохыг илтгэж байна" хэмээн Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн даргад хүргүүлж буй мэдэгдлийг уншиж танилцууллаа.