Ардчилсан намын гишүүдээ буруу ташаа зорилтод мэдээлэлд автахгүй байхыг уриалж байна

Хууль ёсны Ардчилсан намын дарга М.Тулгат, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр болон бусад удирдлага, гишүүд талбайд өлсгөлөн зарлаж буй намын нөхөд дээрээ өнөөдөр очиж Ардчилсан намыг булшлах гэж буй МАН ын булхайг илчилж нэгдсэн тэмцэлд уриалахаар очсон боловч тэд хүлээж авсангүй.



Тухайн үүссэн нөхцөл байдлын талаар намын дарга М.Тулгат “Өнгөрсөн хугацаанд бүх зүйл хууль ёсны дагуу явагдаж ирсэн. Энэ ч утгаараа бид маш хүлээцтэй хандаж зөвшилцөлд хүрэхийг санал болгох бүхий л арга хэмжээг авч ажилласан. Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр буюу энэ сарын 07-ны өдөр талбайд өлсгөлөн зарлаж буй гишүүдтэй очиж уулзсан, МАН-ын бүлэгтэй тохиролцооны уулзалт хийсэн зэрэг үйлдлээс үүдэн бид тэдэнтэй санал солилцох зорилготой талбайд очсон боловч биднийг хүлээж авсангүй. Талбай дээр Ардчилсан намын гишүүд дэмжигчид маань ч байна. Бас огт танихгүй хүмүүс ч байна. Энэ бүх хууль бус үйл ажиллагааг жирийн гишүүд маань буруугаар ойлгох, сошиал дахь элдэв зорилтод мэдээлэлд автахгүй байхыг нийт гишүүд дэмжигчиддээ уриалж байна. Мөн Ардчиллаа аврах, Ардчилсан намаа хамгаалах үзэл санаагаараа нэгдсэн гишүүд, дэмжигчид маань хүрэлцэн ирж бидэнтэй нэгдэж байна. Цар тахлын хүнд нөхцөлд халдвар хамгааллын бүх дэглэмээ сахихыг бид намын гишүүддээ уриалж ажиллаж байгаа гэдгийг энэ дашрамд хэлмээр байна” хэмээн тайлбар өглөө.