АН-ын тамганы маргааныг таслахгүй байх нь хэнд ашигтай вэ?

Ардчилсан намын тамгатай холбоотой асуудлаар Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр буюу энэ сарын 10-ны өдөр зарлагдсан ч Ц.Тувааны талын хүсэлтээр дахин хойшиллоо. Ийнхүү эцсийн шатны шүүхийн үйл ажиллагааг дөрөв дэх удаагаа хойшлуулаад буй нь хэнд ашигтай вэ?


Урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэгч Ц.Тувааны хүсэлтийг шүүх шийдвэрлэхдээ үндсэн шүүхийн үйл ажиллагаа хуралдах хүртэл хоёр талын аль алины тамганы үйлчлэлийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Гэвч энэхүү шийдвэрийг гаргах явцдаа 10 минутын ярианы бичлэгийг тасалж, хурлын тэмдэглэлд тусгалгүйгээр хууль бус үйл ажиллагаа явуулсан үйлдэлдээ тухайн захирамжийг гаргасан шүүгч нь ёс зүйн хороогоор орж эрх бүхий байгууллагаас шийтгэл хүлээсэн. Ц.Тувааны тал нь шүүх хуралдаанд 21 өмгөөлөгч авчирч, хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны журмыг зориуд зөрчих, шүүхэд нөлөөлөхийг илтэд оролдох, шүүгчдийг доромжлох зэрэг зөрчлийн тухай хуулийн 15.4 заасан нөхцөл байдлыг удаа дараа гаргасны улмаас түрүүний шүүх хуралдаанаас шүүгч н.Тунгалагсайхан нөлөөллийн мэдүүлэг бөглөн, шүүхээс татгалзаж гарсан байдаг.


Ц.Тувааны тал давж заалдах шатны шүүхээр ялагдах нь тодорхой байгаа тул ийнхүү башир арга хэрэглэн, шүүхийн эцсийн шатны шийдвэрийг хойшлуулж буй ч, хууль ёсны Ардчилсан намын тамга давж заалдах хугацаанд ч хуулийн дагуу хүчин төгөлдөр үйлчилсээр байгаа юм. Ардчилсан намын нэрийг барьсан нэхэмжлэгч Ц.Тувааны талаас ийнхүү дөрөв дэх удаагаа шүүхийн үйл ажиллагааг хойшлуулж маргааныг шийдвэрлэх хүсэлгүй байгаа нь лав Ардчилсан намын асуудлыг нэг тийш болгож, намынхаа эв нэгдлийг хангахын төлөөх үйлдэл яавч биш нь ил байна. Тэдний үйлдэл эвлэрэн нэгдэх, маргааныг шийдвэрлэх, Ардчилсан намыг нэгтгэх хүсэл сонирхол огтоос байхгүй бөгөөд зөвхөн өөрсдийн эрх ашиг, албан тушаалын тохиролцооны төлөө улайран тэмцэж буйгийнх нь бодит баталгаа болж байна.

Эцсийн шатны шүүх хуралдаагүй, урьдчилсан хэлэлцүүлгээс гарсан захирамж нь хууль бус гэдэг нь нотлогдож шийдвэрлэх шатандаа явж байхад энэхүү 950 тоот захирамж хүчин төгөлдөр хэрэгжиж буй мэтээр олон нийтэд худал мэдээлэл тарааж шүүхийг үйл ажиллагааг сонгуулийн эрх ашгийн төлөө санаатайгаар саатуулж буй хууль бус үйлдэлдээ Ц.Туваан хариуцлага хүлээх ёстой юм.