Засгийн газрын 100 хоногт Ардчилсан нам үнэлэлт дүгнэлт өглөө


Хууль ёсны Ардчилсан намын дарга М.Тулгат, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, АН-ын Нарийн бичгийг дарга Б.Гарамгайбаатар нар өнөөдрийн 4:11 мэдээллийн цагаар Засгийн газрын 100 хоногийн ажилд Ардчилсан намын өгч буй үнэлэлт дүгнэлт болон цаг үеийн зарим асуудлаар мэдээлэл өглөө.



АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА М.ТУЛГАТ: ЗАСГИЙН ГАЗРААС ИРЭЭДҮЙН ҮЛГЭР ЯРЬЖ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭЖ БАЙНА

Засгийн газар бүтэн жил хөл хорио тогтоон, цар тахлын эсрэг бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажилласан ч хангалтгүй байлаа. 2020 онд цар тахалтай тэмцэхэд зарцуулсан 5.1 их наяд, олон улсын хандивлагчдын өгсөн 659 сая ам.долларын зарцуулалт өнөөдрийг хүртэл тодорхойгүй, шилэн биш байна. Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих 10 их наядын цогц хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн. Энэ бол УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдаж, төсөв болон мөнгөний бодлогыг зөрчиж, Засгийн газраас Монголбанкны хараат бус байдалд нөлөөлсөн үйлдэл болсныг шүүмжилж байна. 10 их наядаар социализмыг байгуулах, төр данхайх, хувийн хэвшлийн оролцоог хязгаарлах, зөвхөн эрх баригчдад ойр төрлийн бизнесийг дэмжих, сонгогчдын санал худалдаж авах чиглэлээр хэрэгжиж байна. Эдгээр төсөв мөнгөний зарцуулалт үр ашиггүй, ил биш байгаа нь УИХ-ын болон орон нутгийн сонгуульд зарцуулсан байх магадлалтай. Ардчилсан нам зарцуулалтын задаргаанд хяналт тавьж ажиллана гэдгийг мэдэгдэж байна.

Цар тахлын цаг үед Засгийн газраас цаг зуурын гал унтраах популист арга хэмжээг авч ажилласаар ирлээ. Төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо маш хангалтгүй байсаар байгаа нь ард түмнийг хүндрэлд оруулсан асуудлууд ар араасаа ундарсан. Өнгөрсөн онд улсын төсөвт тодотгол хийлгүй, үр ашиггүй үрэлгэн цаг үеийн нөхцөлд тохироогүй төсөв мөнгөний асар их зарцуулалт хийсэн. Төсвийн алдагдал ДНБ-ий 12.3 хувьд хүрч, бизнес эрхлэгчид сүйрлийн байдалд орлоо. Энэ оны эхний таван сард ч энэ байдал үргэлжилж байна.

Гэтэл өнөөдөр 100 төсөл гэсэн нэрэн дор ирээдүйн үлгэр ярьж байна. Ирэх долдугаар сарын 1-нийг хүртэл ус, тог, цахилгаан дулааны татварыг хөнгөлж, хүүхдийн мөнгө олгож буй арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэх талаар судалгаа хийж байна гэж хэлсэн. Энэ бол эдийн засаг хүндэрсэн үед хэрэгжих ямар ч боломжгүй хатуу үнэнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Худал төөрөгдүүлсэн мэдээллийг иргэд ойлгох ёстой. Бодит байдал дээр улсын хэмжээнд хэрэгжих ёстой байсан маш том төслүүд зогссон. Дарханы зам хаана байна, төв цэвэрлэх байгууламж хаана байна? Ялангуяа хаврын улиралд тухайн жилийн суурь ажлыг хийдэг ч өнөөдөр бүхлээр нь хорьчихлоо. Улирлын чанартай бизнес эрхлэгчид үгээ барсан байдалтай байгаад Ардчилсан нам шүүмжлэлтэй хандаж буй юм.


АН-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.ӨНӨРБАЯР: АРДЧИЛСАН НАМ БҮХ ЗҮЙЛ ХУУЛИЙН ДАГУУ ГЭСЭН ЗАРЧМЫН БАЙР СУУРЬТАЙ БАЙНА


Ерөнхий сайдууд сүржин юм ярьж шоу хийж гарч ирдэг боллоо. Өмнө нь ЖДҮ авсан бүх гишүүдэд хариуцлага тооцно гэсэн. Өнөөдөр хариуцлага хүлээсэн хэдэн хүн байна вэ? Одоо Ц.Анандбазарыг шалгуулна хөөж явуулна, Сү.Батболд шалгуулах ёстой гэнэ. Хариуцлагаа хүлээх ёстой хүмүүс нь ухамсараараа өргөдлөө өгөөд гардаг болсоор байна. Засгийн газрын гишүүд, сайд байсан хүмүүс өнөөдөр гэмт хэргийн талаар ам булаалдан ярьдаг буруу зарчим тогтлоо. Жишээ нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж хэрэг ярьдаг боллоо. Энэ хүн УИХ-ын гишүүн, Хуульзүйн сайд байхдаа хэрэг ярьдаг байсан. Одоо ч ЗГХЭГ-ын даргаар ажиллахдаа хэрэг ярьж байна. Прокурор, цагдаагийн байгууллага бодит мэдээлэл ярих ёстой болохоос биш улстөрч хэрэг ярьдаггүй юм. Тиймээс Ардчилсан нам бүх зүйл хуулийн дагуу гэсэн зарчмын байр суурьтай байгааг илэрхийлье.


АРДЧИЛСАН НАМЫН НАРИЙН БИЧГИЙГ ДАРГА Б.ГАРАМГАЙБААТАР: НЭГ НАМЫН ДАРАНГУЙЛЛЫН ЭСРЭГ ЗАЙЛШГҮЙ ХӨНДЛӨНГИЙН ХЯНАЛТ ТАВИХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ТӨЛӨӨЛЛӨӨР АЖИЛЛУУЛАХ ЁСТОЙ


Ардчилсан нам 2012-2015 онд Засгийн газрыг толгойлж ажиллаж байхад Ардын нам гуравхан зүйл хэлж байв. Нэгдүгээрт, Монгол Улсын иргэн бүр 15 саяын өрөнд орсон. Хоёрдугаарт, Ардчилсан нам Засгийн газрыг өрөнд оруулсан. Гуравдугаарт, бусад зүйл. Монгол ардын намын үед буюу өнөөдөр 15 саяын өр гурав дахин өссөн. Уг нь өрийг бууруулах гэж л УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан. Дараа нь Засгийн газрын өрийн асуудал. Монгол Улсын гадаад өр буураагүй өссөн. Ингэхдээ өрийг өрөөр сольж, цар тахалтай холбогдуулан асар их гадаадын буцалтгүй тусламж, валютын зээлүүд авсан. Үүний тайлан мэдээ нууцлагдмал. Шалтгаан нь цар тахалтай холбоотойгоор мэдээллийн дэлгэрэнгүй тайлангууд өгөхгүй байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгууль ойртсон учраас хүмүүсийн зовлон дээр л тоглож байна. МАН иргэдийн тархийг маш сайн угааж байна. Ирээдүй болсон хүүхдүүдийг боловсролгүй, иргэдээ орлогогүй болгосон бухимдал дээр нь МАН хайр хишгээ хүртээж, ард түмнийг зальдаж байна. Энэ бүхний хариуцлагыг бид хэзээ үүрүүлэх юм бэ? Энэ бүхний хариуцлагыг нь хүлээлгэх эхний асуудал бол Ерөнхийлөгчийн сонгууль. Ардчилсан намаас нэг намын дарангуйллын эсрэг зайлшгүй хөндлөнгийн хяналт тавих Ерөнхийлөгчийг төлөөллөөр ажиллуулах ёстой гэж үзэж байна.