АН-аас нэр дэвшигч С. Эрдэнэ Баянхонгор аймгийн иргэд сонгогчидтой уулзлаа


Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ өнөөдөр Баянхонгор аймгийн иргэд сонгогчидтойгоо уулзаж мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.


Уулзалтын үеэр тэрээр говь хангайн бүсийг хосолсон Баянхонгор аймгийн хувьд байгалийн өвөрмөц тогтоцтой, түүхийн дурсгалт газар элбэг, аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой сайхан нутаг юм. Энэ удаагийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх, цаашлаад дэлхийд ижилгүй нүүдлийн соёлыг олон улсад суртачилан таниулах, нүүдлийн соёлын бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсын зах зээлд гаргах ажлыг хуулийн хүрээнд хэрэгжүүлэхээр тусгасан тухайгаа иргэдэд онцлон хэлсэн юм.

Мөн тэрээр сонгогчиддоо нэг намын дарангуйллаас нэг хүний дарангуйлалруу шилжихэд нэг л алхам дутуу байгааг сануулаад чөлөөт ардчилсан сонголт хийхийг уриаллаа.

Уулзалтад оролцсон иргэд нэр дэвшигч С.Эрдэнийн санаачлан батлуулсан ажилласан жил нөхөн тооцох тухай хуулийн үр шимийг хүртэж, амьдралд нь маш их ашиг тустай хууль болсон гэдгийг хэлж талархал илэрхийлж байсан юм. Дашрамд дуулгахад Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ 2008-2020 онуудад УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдон ажиллахдаа нийтдээ 70 гаруй хууль санаачлан 41 хуулийг санаачлан батлуулсан байдаг бөгөөд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хүрээнд 700 гаруй иргэд тэтгэврээ тогтоолгох боломжтой болсон юм.