С.ЭРДЭНЭ: ИРГЭН ТӨВТЭЙ ТӨРИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАНА


МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ өчигдөр / 2021.5.29/ Дархан-Уул аймгийн Дархан сумын Залуучууд театрт иргэд, сонгогчидтой уулзлаа.

Тэрээр “ Миний дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөр бусад нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдээс эрс ялгаатай. Би Монгол хүн бүрд эдийн засгийн эрх чөлөө, улс төрийн эрх чөлөө, дарангуйлалгүй эрх чөлөөг илэрхийлснээрээ онцлог.

Монгол хүн бүрийн эрх, эрх чөлөөг эргүүлэн авчирч өгөх ёстой. Иргэн төвтэй, ардчилсан улсын иргэд болгохын төлөө МУ-ын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн юм. Монгол Улсын иргэн хууль бусаар хуулийн дээрх шийдвэрээр хэлмэгдэх ёсгүй.

Бид нэг зүг харсан, Монгол орны хөгжлийн төлөвлөгөөний төлөө тэмцэж чаддаг байхын төлөө ажиллах болно. Монгол Улсын гадаад харилцаа, нэр хүнд сүүлийн үед асар ихээр унаж эхэлсэн. МУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа У.Хүрэлсүх Гадаад харилцааны яаман дээр “Монгол Улсад чөлөөт зах зээл гэж байхгүй” гэж хариуцлагагүй мэдэгдэл хийснээрээ дэлхий нийтэд Монгол орны талаар, гадаад харилцаанд асар хор хөнөөл бий болгосон. Тийм учраас Гадаад харилцаа, гадаад бодлогыг шинэ шатанд авчрах ёстой. Иргэн төвтэй төрийн төлөө Монгол хүнийг төрийн цөм болгож ажиллана.” гэсэн юм.

АН-ын дарга М.Тулгат: С.Эрдэнэ нэр дэвшигч 30 жил ардчиллын төлөө тууштай тэмцсэн. Энэ хүний хийсэн ажил их. 70 гаруй хууль санаачилж 40 нь бид нарын амьдралд тусгалаа олоод явж байна.

Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү: МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх ирээд ярих байх. Оюутолгойг өөрчлөнө гэж. Н.Багабандиа өөрчилж чадахгүй байж тийм юм яриад яах вэ?. Байгалийн баялгаа сан үүсгээд тараана гэж хэлнэ. Б.Ундармаагаасаа хэдэн зуун тэрбум төгрөгөө аваад өгч чадахгүй байж тийм юм яриад яах вэ? Би хуульч хүний хувьд, хууль эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргын хувиар Үндсэн хуулийн 6.2-ийг өөрчлөөд өгөөрэй гэж захимаар байна. Байгалийн баялгийг нийтийнх болгочихсон. 300 сая төгрөгөөр нүүр таньдаг камер авна гэж Хууль зүйн сайд ярьж байна. Мөнгө байхгүй ээ гэхээр Зөрчлийн хуулиар эргүүлээд нөхөөд авчихна гэнэ. Энэ бол дарангуйлал.

Дархан Уул аймгийн МоАХ-ны анхны дарга н.Даваажав: Сонгуулийнх нь ажилд амжилт хүсье. Та бүхэнтэйгээ зэрэгцэж явсан. Би 20 жил улс төрөөс хол байж өөрийн мэргэжлээрээ ажиллаж байлаа. Манайх бол Ардчилсан улс гэж ярих дуртай. Сүүлийн үед улс төрийн нөхцөл байдал хурцадлаа. С.Эрдэнийгээ ялуулахын төлөө дэмжиж байгаагаа илэрхийлж байна.

Дархан-Уул аймгийн АЗХ-ны Тэргүүлэгч Ж.Ганболд: Дарангуйллыг ойлгохдоо зөвхөн цэрэг, цагдаагаар дарамтлах гэж ойлгож болохгүй ээ. Миний бодлоор нэг нь халамжаар дарангуйлал хийнэ. Айдсаар дарангуйлдаг. Хийж байгаа сургууль боловсрол, хийж байгаа ажил, ...Эд хөрөнгөөр дарангуйлдаг. Дарангуйлал гэдэг нь зөвхөн цэрэг, зэвсэг биш юмаа. Айдас, халамж, эд хөрөнгөөр дарамтлах байдал их байна.

Энд байгаа бүх хүмүүст “ Таны сонголт хэн байх нь чухал бишээ. Дарангуйлал гэдэг нь зөвхөн зэвсгээр ирдэггүй юм шүү. Та бүхний сонголт зөв мэргэн байг ээ.