С. Эрдэнэ: Ардчилал, шударга ёс, ёс зүйт төр, оюуны өмч, хүний эрхийг хамгаална

Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн иргэд сонгогчиддоо мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Цар тахлын хүнд үед иргэдийг олноор нь бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс СХД-ийн таван байршилд таван удаагийн уулзалт зохион байгуулсан юм.

Тэрээр хэлсэн үгэндээ “Би 31 жилийнхээ хөдөлмөр зүтгэлийг зориулсан ардчилал, шударга ёс, ёс зүйт төр, хувийн өмч хүний эрхийн асуудлыг хамгаалж, хувь хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, улс төрийн эрх чөлөөтэй Ардчилсан Монгол улсын ерөнхийлөгч байхаар энэхүү сонгуульд нэрээ дэвшүүлсэн. Өнөөдөр Монголд нийгэм, эдийн засаг, улс төрийн дарангуйлал хэвийн үзэгдэл болсон. Хэн нэгэн эрх мэдэлтэнтэй танил биш л бол өөрийн ажил үйлчилгээгээ эрх чөлөөтэй явуулах боломжгүй байна. Төв талбай дээрээ монгол улсын иргэн өөрийгөө шатааж байхад Монголын төр цочихоо больсон байна. Цар тахлаар олон хүн өвдөж, амь нас нь эрстэж байхад Монголын төр цочихоо больсон байна. Ард түмэн нь маш хүнд нөхцөлд амьдарч байхад Монголын төр цочихоо больсон. Болохгүй байгаа бүхнийг ердийн зүйл мэт хүлээн авч, ард түмэнд ердийн л зүйл мэт ойлгуулж байна. Энэ байдлыг үргэлжлүүлээд л байвал ард түмэн улам ядуурч, төрийн асар том дарангуйлал тогтоно.

Монголчууд морин дэлэн дээрээ дураар давхидаг эрх чөлөөнд хайртай ардчилсан ард түмэн. Одоо бид сэрж өөрийн эрх чөлөөгөө хамгаалж сонголтоо зөв хийх хэрэгтэй байна. Хувь хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төрийн бодлогыг бий болгох шаардлагатай байна. Иргэн төвтэй төрийн бодлогоос төр төвтэй төрийн бодлого руу бид гулсаж байна. Монгол улсын өргөн уудам нутаг дор нуугдаж буй алт, зэс, нүүрс баялаг бус тэнд амьдарч буй хүн нь өөрөө баялаг юм. Дэлхийн хаана ч очсон Монгол хүний үнэ цэнэ, үнэлэмж өндөрт байх тэр боломжийг бий болгох ёстой.” гэлээ.

Уулзалтанд ирсэн сонгогчид иргэдийн амьдрал сүүлийн 2 жилийн хугацаанд уруудаж,ядуурал ажилгүйдэл нэмэгдэж байгааг хэлж байлаа.Тухайлбал хувиараа бизнес эрхэлдэг иргэд санхүүгийн хүндхэн бэрхшээлтэй нүүр тулж хаалгаа барихад хүрсэн.Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд ахмад настан зэрэг нийгмийн халамж үйлчилгээ шаардлагатай иргэд хөл хорионы улмаас эмнлэгийн тусламж үйлчилгээ авахад хүндрэлтэй болжээ. Тиймээс цар тахлын үед иргэдийнхээ амьдралыг бодсон шийдвэр гаргаж ажиллахыг нэр дэвшигчээс Сонгино хайрхан дүүргийн иргэд хүсч байлаа.