Арчилсан нам УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүллээ


Ардчилсан намын удирдлагууд өнөөдөр/2021-06-03/ С.Зориг агсны хөшөөний урд талбайд 4:11 мэдээллийн цагаараа мэдээлэл өглөө. Үүнийхээ дараагаар АН-ын удирдлагууд болон гишүүд, дэмжигчид Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлж тайван жагсаал зохион байгуулсан юм.

Өнгөрсөн тавдугаар сарын 20-ны өдөр иргэн Ган-очир МАН 2020 оны УИХ-ын сонгуулиар санал тоолох хар машиныг хакердаж, иргэдийн саналыг хууль бусаар авч,олонх болсон гэж мэдээлсэн. Нийслэлийн Ардчилсан намаас энэ хэргийг шалгуулахаар ТЕГ, Цагдаа прокурорын байгууллагад гомдол гаргаад байсан юм. Гэвч хуулийн байгууллага хохирогч байхгүй гэх үндэслэлээр хэргийг шалгахгүй хаасан. Ингэхдээ гомдол гаргагч тал буюу нийслэлийн АН-д мэдэгдэлгүй юм. Энэ хэргийг ахин шалгаж, хууль дүрмийн дагуу шийдэх, одоо болон Ерөнхийлөгчийн сонгуульд энэ байдал давтагдахгүй байх баталгааг гаргахыг шаардаж өнөөдрийн жагсаалыг зохион байгуулахаар мэдэгдээд байсан юм.


Гэвч УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр захирамж гарган АН-ын асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулсан. Үүнийг Ардчилсан нам намын дотоод асуудалд хууль бусаар оролцож байгаа үйлдэл гэж үзэн ажлын хэсгээ татан буулгах шаардлага хүргүүлж, жагсаалд оролцогчид эсэргүүцлээ илэрхийллээ.

М.ТУЛГАТ: ЭРХ БАРИГЧИД АРДЧИЛСАН НАМЫН ДОТООД АСУУДАЛД ОРОЛЦОЖ, НАМЫН ДАНСЫГ ХҮРТЭЛ ХААЛГАЧИХЛАА

УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг гэж бий. Улс төрийн намын дотоод асуудалд хууль тогтоох дээд байгууллага оролцож байна. Тус ажлыг хэсэг нь өчигдөр Сонгуулийн ерөнхий хороо болон бусад албаны хүмүүсийг дуудаж уулзсан байна. Хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа энэ ажлын хэсгээ татан буулгахыг бид шаардаж шаардлага хүргүүлж байна. Ардчилсан намын бүртгэлийн асуудлыг Дээд шүүх хойшлуулж байгаа. Энэ нь манай намын гишүүдэд ойлгомжгүй байдал үүсгэж байгаа. Түүнчлэн Ардчилсан намын бүх дансыг хаасан. Цаашдаа Үндэсний хэмжээний том намыг татан буулгах зорилго агуулж байна гэж харж байгаа

Э.БАТ-ҮҮЛ: УИХ-ЫН ДАРГА АРДЧИЛСАН НАМ ОРШИХ ЭСЭХИЙГ МАНЛАЙЛАН ЯРЬЖ БУЙГ ТЭВЧИХГҮЙ

Бид өнөөдөр Сүхбаатарын талбай дээр Үндсэн хуулиа хамгаалах талаар цуглаан зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ байдал өөрчлөгдлөө. Өчигдөр орой авсан мэдээллээр эрх баригчид Ардчилсан нам руу дайрах ноцтой үйл ажиллагаа явуулах болсон байна. Ардчилсан нам өөрийн удирдлагатай нам. Гэтэл манай намын ажлыг Их хурлаар хэлэлцэх шийдвэр гаргасан байна. Бид сонгуулийг луйвардаж, Засгийн эрхийг хууль бусаар авдаг талаар хуулийн байгууллагад гомдол гаргасан. Гэтэл бидэнд мэдэгдэлгүй хэргийг хаасан. Үүнтэй холбоотой цагдаа, прокурорын байгууллагын алба хаагч нарыг шалгуулахаар цуглах гэж байлаа. Гэтэл үүнээс ноцтой үйл явдал болж, УИХ-ын даргаар ахлуулсан үйл ажиллагаа болох гэж байна. Нэг ёсондоо нэг намын дарангуйлал тогтох нь.

Бидэнд иргэн Г.Ган-Очир гэх залуу 2020 оны орон нутгийн сонгуулийг луйвардсан талаа хандаж мэдээлэл хийсэн. Тэр залуу байхгүй болчихсон. Бидэнтэй холбоо бариагүй. Тэр залууг дарамтлах зорилгоор эрэн сурвалжилж байгаа болов уу гэж хардаж байна. Бид холбогдож чадвал хамгаалмаар байна.

Ч.ӨНӨРБАЯР: ШУДАРГА ЁС УИХ, ЕРӨНХИЙ САЙД, ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ЭХЭЛНЭ

Яагаад 33 тэрбумын хөгжлийн банкны хэрэг дээр ажлын хэсэг гаргаж шалгахгүй байна вэ? Яагаад өнөөдөр ЖДҮ авсан 27 гишүүн УИХ-ын танхимд сууж байхад шалгах асуудал нь тавигдахгүй байна вэ? УИХ-д Ардчилсан намын дотоод асуудалд ажлын хэсэг байгуулж ажиллахаас өөр хийх зүйл нь багадаагүй баймаар.Энэ асуудал дээр Ардчилсан нам тууштай зогсож, тэмцэхийг онцлон хэлмээр байна. МАН АН-ын гишүүдийг үзэл санааны хоригдол болгож, өөрсдөө бүх муухайгаа нийгмээс нуун дардаг байдлыг зогсоох хэрэгтэй. Бидэнд айх зүйл байхгүй. Монгол улсад хууль гэж байдаг бол УИХ-ын танхимаас эхлэх ёстой. УИХ-ын дарга нь өөрөө үлгэрлэх ёстой. Парламентад ёс гэдэг бол аливаа улс төрийн нам эвслийн нийтлэг эрх ашгийг хүндэтгэдэг байх ёстой.