Багануур, Налайх дүүргийн иргэд дарангуйлалгүй нийгмийн төлөө Ардчилсан сонголт хийхээ илэрхийллээ

МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн мөрийн хөтөлбөрөө танилцуулах уулзалт сурталчилгаа өнөөдөр /2021-06-04/ Багануур, Налайх дүүрэгт боллоо.

Дүүргийн эдийн засгийн хөшүүрэг болсон Багануур дүүргийн уурхайчидтай хийх уулзалт өглөө 7 цагт эхэлсэн бөгөөд Нэр дэвшигч С.Эрдэнэ мөрийн хөтөлбөрөө танилцуулж, уурхайн ажилчдын нийгмийн асуудлыг хөндөн санал бодлоо солилцсон юм.

Манай улсыг нүүрсээр хангах томоохон аж үйлдвэр гэгдэх Багануурын уурхай жилдээ 3- 4 тн нүүрс олборлодог. Энэ нь улсын нийт нүүрсний хэрэглээний 70 хувь, эрчим хүчний 60 хувийг дангаараа хандаг. Багануурын уурхай нийт 1000 гаруй ажилтантай. Тэдний цалин, хангамж сүүлийн жилүүдэд дорвитой нэмэгдээгүй. Засгийн газраас уурхайгаас гарч байгаа нүүрсний тонн тутмын үнийг олборлож байгаа өртгөөс хямд тогтоож, дулааны станцуудад нийлүүлж байна. Төр засгийн бодлогогүй шийдвэрээс болж уурхайчид цалин хөлсөө нэмүүлэх цаашлаад нийгмийн асуудлаа шийдэж чадахгүй байна гэж уурхайчид нэр дэвшигч Эрдэнэд хэлж байсан юм.

Үүнийхээ дараагаар нэр дэвшигч С.Эрдэнэ Багануур дүүргийн Нацагдоржийн нэрэмжит төв талбайд дүүргийн иргэд сонгогчидтой уулзсан юм.

Аж үйлдвэрийн томоохон дүүрэг болох төлөвлөлттэй Багануур дүүргийг хөгжүүлэхэд татвараар далайлгах биш төрийн эрх мэдлийг сулруулж, иргэдийн амьдрал, ААН-үүдийн үйл ажиллагааг дэмжин ажиллахаар мөрийн хөтөлбөртөө тусгаснаа тэрээр онцлон танилцууллаа. Мөн тэрээр томоохон уурхайн олборлолт, түүхий эдийн үнэ хурдацтай өссөөр байгаа ч түүнийг гардан хийж буй ажилчдын цалин мөнгө нэг ч төгрөгөөр өсдөггүй. Аж амьдрал, нийгмийн асуудал төдийлөн сайн ахихгүй байгааг шүүмжлээд уурхайг дагасан хотыг хөгжүүлэхэд тухайн уурхайн ашгаас хуримтлал үүсгэх замаар хөгжүүлэх бодлого баримтлахаар мөрийн хөтөлбөртөө тусгасан гэлээ.

Уулзалтад ирж оролцсон иргэд Ардчилсан нам хоёр хуваагдсан асуудал их яригдаж байгаа ч бид эцсийн дүнд Ардчилсан ерөнхийлөгчөө дэвжих нь тодорхой. С.Эрдэнэ нэр дэвшигч бол нийгэм хамгааллын салбарт голлох томоохон хөтөлбөрүүдийг хуулийн хүрээнд шийдэж чадсан, өдийг хүртэл Ардчиллын төлөө тууштай зүтгэж яваа хийсэн зүйл, хэлэх үгтэй цөөн улс төрчдийн нэг гэлээ.

Мөн нэр дэвшигч С.Эрдэнэ ХАХНХ-ын сайдаар ажиллах хугацаандаа дүүргийн Хөдөлмөр халамжийн төв, жилдээ 700 гаруй ахмад амрах боломжтой Ахмадын амралтын газрыг байгуулж өгснөөс гадна хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралд ихээхэн дэмжлэг болсон хууль тогтоомжийг санаачлан батлуулсныг бид одоо ч үр шимийг нь хүртэж явна гэж талархах иргэд цөөнгүй байлаа.

Мөн өнөөдөр С.Эрдэнэ нэр дэвшигчийн сурталчилгааны уулзалт Налайх дүүрэгт үргэлжилсэн.

Хувь хүний эрхийг дээдэлсэн Ардчилсан Монгол мөрийн хөтөлбөртэй танилцаж үзэл бодлоо илэрхийлж, уухайлан дэмжсэн Налайх дүүргийн иргэд ч дарангуйлалгүй нийгмийн төлөө Ардчилсан сонголт хийхээ илэрхийлсэн юм.