Сонгуулийн ажилд сайн дурынхныг бүртгэж эхэллээ

Ардчилсан нам энэ удаагийн Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд сайн дураар оролцохыг хүссэн хүмүүст уриалга дэвшүүлж байна.

Сонгууль бол үзэл санаа итгэл үнэмшлээ бататгах том сорилт юм. Ардчиллын үнэт зүйлс төрөлх соёл нь болсон орнуудын сонгуульд сайн дурынхны оролцоо чухал байр суурь эзэлдэг. Энэ ч утгаараа Ардчилсан нам энэ удаагийн Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаанд сайн дурынхны оролцоог нэмэгдүүлэх, хамтран ажиллах санал санаачлагыг дэвшүүллээ. Сонгуулийн ажилд оролцож туршлага хуримтлуулахыг, мөн туршлагаа хуваалцахыг хүссэн хүн бүртээ нээлттэйгээр хамтран ажиллахаа АН-ын дэд дарга Ц.Оюундарь мэдэгдсэн юм.

Ардчилсан нам бол баруун төвийн үзэл санааг эрхэмлэдэг, чөлөөт зах зээл хувь хүний эрх чөлөө, хувийн өмчийг дээдэлсэн улс төрийн хүчин юм. Ардчиллын үнэт зүйлсийг хамгаалж үлдэх, алдагдуулж буй хүчин зүйлсийг таслан зогсооход иргэн бүрийн оролцоо чухал болоод буй цаг үед энэхүү саналыг дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байна.